"Боловсрол нь нэг үндэстний хувьд талхны дараа орох хамгийн чухал хэрэгцээ юм", Жорж Гордон
Оюуны чадавх сайтай гэдэг нь зөвхөн математик болон хэл сурахдаа сайн хүмүүс биш бөгөөд дуу хөгжим, спорт, бүжиг, харилцаа, байгаль, зураг зурахдаа авьяаслаг хүмүүс ч мөн оюуны чадавх сайтай гэдэг нь нэгэнт батлагджээ.
“Хүн өөрийн оюуны чадавх болон арга барилаа таньж мэдэн, хөгжүүлэх нь хамгийн чухал юм. Хүмүүс бид бие биеэсээ ялгаатай байдаг нь хүн болгоны оюун ухаан өөр өөр байдагтай холбоотой. Хэрэв бид үүнийгээ анзаардаг бол амьдралд гарч байгаа саад бэрхшээлийг давах нь хялбар байх сан“ Ховард Гарднер.
Оюуны чадавхыг товчоор дүгнэн хэлвэл “төрөлхийн бөгөөд хожим нь (орчин тойрноос) бүрэлдэн бий болсон ур чадварын нийлбэр” гэжээ. Хүмүүс хэд хэдэн талаараа ялангуяа оюун ухааны хувьд хөгжүүлж болох нийтлэг олон онцлогтой. Хэдий тийм боловч биднийг бие биеэс минь ялгадаг өвөрмөц шинж чанарууд байдаг. Тийм учраас оюун ухааны чадавхийг удамшил болон хүрээлэн буй орчны нөлөөгүйгээр тайлбарлах аргагүй.
Хүний оюуны чадавхид төрөлх хэл мөн ёс заншил, соёл нөлөөлдөг. Оюуны чадавх ба түүний хэмжүүртэй холбоотой маш олон онол бий. Бид энэ удаа онол бүрийг нэг нэгээр нь нуршилгүй мөн оюуны чадавхыг чадвар талаас нь голчлолгүй, харилцан хоёр талын нөлөөнд байгаа чадварын систем гэж ойлгоход дөхөм болох, үүгээрээ бидний ойлголтын цар хүрээг тэлж өгөх “Олон талт оюуны чадавхийн онол” (ООО)-ыг авч үзнэ.
Энэ онолыг амьдралаас гарган авсан тул өргөн дэлгэрчээ. Гарднерийн (1983) ООО гарч ирснээр өмнө нь оюун ухааны чадавхийг зөвхөн “хэл ярианы”, “тооны” гэж ангилан үзэж, үүндээ тохируулан гаргаж ирсэн оюуны чадавхын сорилт, оюуны чадавхын тухай ойлголтууд нь түүх болон үлдлээ. Оюуны чадавхийн талаар шинэ хэмжигдэхүүн бий болгосон Гарднер хүнд найман төрлийн оюуны чадавхи байдаг гэж үзжээ. Эдгээр нь хоорондоо нэлээд олон янзаар холбогддог хамтын ажиллагаатай.
Хувь хүний оюун ухааны чадавхийн нэг хэсэг нь тухайн хүний өсч хөгжих үетэй холбоотойгоор илэрч болдог. ООО – оороо боловсролд шинийг санаачлан гаргаж ирсэн Гарднер, хөгжлийн сэтгэл зүй болон уураг тархины судалгаа, хөгжих үйл явцыг судалсны үр дүнд дараах найман төрлийн оюуны чадавхийн тоо нэмэгдэж болохыг онцолжээ.
Тэрээр оюуны чадавхи бол асуудал шийдвэрлэх, бүтээх зэрэгт хүн бүхний ашиглаж болох зүйл гэж үзсэн бөгөөд үүнийг: Хэл, Логик-математик, Орон зайн, Хөгжмийн, Бие махбодийн-кинетик, Нийгмийн, Дотоод сэтгэлийн болон Байгалийн гэж ангилжээ. Оюуны чадавхийг зөвхөн энэ хүрээнд нь хязгаарлахгүй байхыг анхааруулсан Гарднер өөрийгөө хүний авьяас чадварыг өмнө нь хэмжиж байснаас илүүгээр гаргаж чадсан гэж үздэг юм.
Тэрээр оюуны чадавхийг хязгаартайгаар шалгадаг олон тестийн эсрэг хүний мөн чанарт тулгуурлан эдгээр чадавхиудыг ч задалж болдгийг тогтоожээ. Жишээ нь хөгжмийн чадавхийн дотор хөгжим тоглох, дуу дуулах, хөгжмийн сонсгол зэрэг олон чадвар багтаж болдог. Нөгөө талаас нь үзвэл оюун ухааны чадавхийн янз бүрийн төрөл нь нэг нэгээсээ огт өөр эсвэл онцгой шинж чанартай цогц зүйл биш. Жишээ нь нэг хөл бөмбөгчин өөрийнхөө бие махбодийн чадвараа бөмбөгний хойноос гүйх, авах, өшиглөх үедээ орон зайн чадавхиараа нөхцөл байдлыг шинжих, нөгөө тоглогчийн байрлалыг тогтоох үедээ хэл яриа, нийгмийн чадавхиа тоглоомын дүрмийг сурах, багийн нөхөдтэйгээ маргалдах үедээ дотоод чадавхаа өөрийгөө цэгнэх үедээ ашигладаг.
Мөн зөвхөн нэг төрлийн чадавхаар өөрийгөө хэмждэг үе аль хэдийнээ өнгөрчээ. Сурч боловсрох үр нөлөө, орчныг олон талт оюун ухааны чадварт тохируулан бий болгоход илүү их үр дүнтэйгээр өсч нэмэгддэг. Хувь хүн бүр өөрийн давамгай “оюуны чадавхаа” ашиглан бусад чадавхиудаас шалтгаалдаг чадварыг эзэмших, давамгай чадвараа илрүүлэн, баяжуулснаар боловсрол, амжилт, бүтээлч байдал, нээлт ололтыг хийж чадах бөгөөд хүсвэл өөрийн сул чадавхиа ч маш сайн сургалтын үр дүнд хөгжүүлж болдог байна.
Өнөө үед сэтгэл судлал, боловсролын салбар улам хөгжихийн зэрэгцээ хувь хүн юу хийж чаддагийг бус харин юуг хийж чадахыг судлах хэрэгтэй юм. Бид дараах хэсэгтээ янз бүрийн оюуны чадавхийн өвөрмөц шинж болон үүнээс үүдэн гардаг зан чанарт тулгуурласан мэргэжлийг тодорхойлон, тухайн чадварыг янз бүрийн орчинд хялбархан хэрэгжүүлж болох аргыг дурдаж байна.
1. Хэл ярианы чадавхи
Хүн төрснөөс эхлэн сурсан хэл яриагаа ашиглах чадвар нь янз бүрийн соёл иргэншил, нөхцөл байдлын дунд ялгаатай байдаг. Жишээлбэл зарим хүн хэлийг зөвхөн бусадтай харилцахын тулд ашиглаж байхад зарим нь маш олон хэл мэддэг, харилцааны чадвартай байх жишээтэй. Эрдэмтэд олон жилийн турш хэл яриа болон тархины хоорондох холбоог судалж үзжээ. Хэл ярианы чадвартай хүн бусадтай харилцах харилцаа, холбоондоо хэлийг чадварлаг хэрэглэдэг болох нь нотлогджээ. Энэ чадавхи нь ярих тайлбарлах ойлгуулах, ухуулах зэрэг ажил мэргэжилд (ихэнхдээ илтгэгч, уран уншигч, улстөрч гэх мэт) илэрдэг. Хэл ярианы чадавхийг хөгжүүлэхийн тулд суралцах орчинд ном сонин унших, бичих, ярих, илтгэл тавих, сонсох, чанга дуугаар унших, жүжиг тоглох зэргийг хийх хэрэгтэй.
2. Логик-математикийн чадавхи
Хувь хүний логик сэтгэхүйн чадварлаг байдал нь асуудлыг шинжлэх ухааны аргаар шийдэх, ухагдахуунуудын хоорондох уялдаа холбоог олох, ялган салгах, ангилах, ерөнхийлөх, математикийн ямар нэг томьёог батлах, тооцоолох, адилтгах зэрэг чанаруудаар илэрдэг. Логик-математикийн чадавхи нь хүчтэй хөгжсөн хүмүүс бол математикчид, эрдэмтэд, нягтлан бодогчид, статистикчид, компьютерийн программистууд гэж хэлж болно. Энэ чадавхийг хөгжүүлэхийн тулд бодлого бодох, геометр судлах, хэмжих, ангилах, хуваах, сэтгэхүйн тоглоом, туршилт хийх, ямар нэг зүйл бүтээх зэрэг дасгалыг хийх хэрэгтэй.
3. Орон зайн чадавхи
Энэхүү чадвар нь гурван хэмжээст дүрсийн хэлбэр байдлыг хэр их төсөөлж чаддагтай холбоотой. Энэ төрлийн оюуны чадавхи нь биетийг хараагүй боловч сэтгэлдээ амилуулж, онцлог талуудыг нь ялгаж чаддаг байхыг хэлнэ. Энэ чадавхи нь харах чадвар болон биет, огторгуйд байгаа дүрсийн хэлбэр, графикийг үзүүлэх, зурах будах, хэлбэр үүсгэх зэрэг чанарыг агуулдаг. Анчин, мөрч, зөвлөгч, уран барималч, засал чимэглэлчин, зураач, сийлбэрчин зэрэг хүмүүс бол энэ чадвар нь хөгжсөн хэрэг юм. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд зураг, график, фото зураг унших, биет адилтгал бүтээх, гурван хэмжээст туршилт, будах, эвлүүлэх, өгүүллэгийг зургаар илэрхийлэх, загвар зохиох, өнгө будаг, дүрс ашиглах зэрэг арга дасгалыг хийж болно.
4. Хөгжмийн–хэмнэлтийн чадавхи
Хөгжмийн чадавхийн тухай бодоход дуу хөгжмөөр өөрийгөө илэрхийлдэг хүмүүс санаанд ордог. Эдгээр хүмүүст хэмнэл, хөг аялгуу, жүжиглэх мэдрэмж байдаг. Хөгжмийн зэмсгээр тоглох, дуулж байгаа дуугаа шинээр зохиох зэрэг чадвартай. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс ихэвчлэн хөгжмийн зэмсэг, найрал дуу, найрал хөгжим зэргийг сонирхдог. Хөгжмийн чадварыг хөгжүүлэхийн тулд дуу дуулах, хэмнэл олох, аялах, хөг олох, фон хөгжим тоглох, хөгжмийн зэмсэг тоглох зэргээр хичээллэх хэрэгтэй.
5. Бие махбодийн чадавхи
Энэ нь хувь хүн өөрийн бие, үйл хөдлөлөө ашиглах байдал буюу биеийн хэлийг хэр эзэмшсэнийг нь харуулдаг. Биеийн чадвар сайтай хүмүүс спортын дасгал хөдөлгөөн, тогтмол хэмнэлттэй тоглоомыг хялбархан сурдаг. Ийм чадвартай хүмүүсийн биеийн тэнцвэр, зайн баримжаа, хурд, туршлага, уян хатан байдал нь анхаарал татдаг. Бүжигчид, уран нугарагчид, тамирчид, үггүй жүжиглэгчид, мэс засалчид, техникчид, уран барималчдыг нэрлэж болно. Биеийн чадварыг хөгжүүлэхийн тулд биеийн хөдөлгөөн, биеийн хэлийг ашиглах, тустай зүйлсийг олох, гардан хийх туршилт зэргийг ашиглана.
6. Нийгмийн харилцааны чадавхи
Энэ чадавхийн дотор хүмүүстэй харилцаа тогтоох, бусдыг ойлгох, зан аашийг нь мэдэх зэрэг чадвар багтдаг. Бид энэхүү чадавхийнхаа тусламжтайгаар л хэсэг бүлэг болдог билээ. Улстөрчид, лидерүүд, сэтгэл зүйчид, багш нар, жүжигчид, аялал жуулчлалын ажилтан нар бүгд л энэ чадавхиа сайн ашигладаг хүмүүс юм. Нийгмийн харилцааг хөгжүүлэхийн тулд бүлгээр ажиллах, багаар суралцах, мэтгэлцэх, клуб байгуулах, жүжиг тоглох зэрэг нь хэрэгтэй.
7. Дотоод сэтгэлийн чадавхи
Энэ чадвар нь хувь хүн “өөрийгөө” мэдрэх, ойлгохтой холбоотой чадвар юм. Бид хэн болохоо, юунаас болоод юу мэдэрч байгаагаа бодож байгаа маань үүнтэй холбоотой. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэх, сахилга баттай байх, хувийн бэрхшээлээ давж гарах гэх мэт туршлагатай байдаг. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд хувийн төслийг хэрэгжүүлэх, ажлынхаа үүрэг хариуцлагыг ухамсарлах, өөрийгөө таньж мэдэх зэрэг арга хэрэглэж болно.
8. Байгалийн чадавхи
Гарднер олон талт оюуны чадавхийнхаа хамгийн сүүлд (1995 онд) олж нээсэн ойлголт юм. Төрөлхийн энэ чадвар нь нэг хэсгийн эсвэл бүхэл дэлхийг хамарсан өөрчлөлтийг тайлбарлах, ан амьтан, байгалийн жам ёсыг дурайн авиа ашиглан судлах, гэрэл зураг авах зэргийг агуулдаг. Анчин, ургамал судлаач, анатомич зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Энэ чадавхийг нээн илрүүлэх, хөгжүүлэхийн тулд эргэн тойрныг төлөвлөгөөтэй судлах, сургуулийн хашаан дахь цэцэрлэгийг тохижуулах, амьтан тэжээх, хичээл дээр дуран авай хэрэглэх, байгалийн зураг зурах, зураг авах, каталог хийх зэрэг олон арга байж болно.
Эцэст нь:
Хувь хүн бүрийн онцгой чанар нь оюун ухааны чадвар биш бөгөөд ийм болгохын тулд байнгын шинж чанартай байх, соёл иргэншлийн ойлголтонд хүндтэй байр суурийг эзлэх, цаашид үр дүнтэй байх, асуудлыг шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Оюуны чадавхи нь зөвхөн хоёрхон зүйлээр илэрдэг биш бөгөөд дуу хөгжим, биеийн тамир, бүжиг, харилцаа, байгаль, зургаар өөрийгөө дүрслэх зэрэг нь бүгд үүнийг илтгэдэг. Дээр дурдсан 8 төрлийн чадавхийг хөгжүүлэхийн тулд ангид ямар ямар арга барил хэрэглэж болохыг ч танилцууллаа. Гэвч сурган хүмүүжүүлэгч үүнийг хийхийн өмнө өөр дээрээ туршиж үзэн туршлага хуримтлуулан өөрсдийгөө хөгжүүлсний дараа нөлөөг нь харж хангалттай болон хангалтгүй талаас нь мэдэж авах хэрэгтэй.
www.mongolcom.mn
No comments:
Post a Comment